Улсын нууцад хамаарах 500 хуудас материал хилээр гаргахыг завдлаа
Ашигт малтмал бүхий орд газрыг нарийвчлан байршуулсан баримт, хиймэл дагуулаас авсан зураг байжээ
Монгол Улсын ашигт малтмалын орд газрыг байршуулсан газрын зураг бүхий улсын нууцад хамаарах баримт бичгийг Замын-Үүдийн хилээр гаргахыг завдсан БНХАУ-ын иргэнийг тагнуулын ажилтнууд саатуулжээ. Дээрх зурган дээр стратегийн болон стратегийн бус орд газруудын байршлыг нэг бүрчлэн тогтоосон байжээ. Мөн ашигт малтмал олборлож болох судлуудыг нарийвчлан дурандаа буулган авч явсан бөгөөд нүүрсний орд газруудын байршил, нөөцийг нь тодорхойлсон баримт, хиймэл дагуулаас авсан зураг мэдээлэл, тамга тэмдэг, гарын үсгээр бааталгаажуулсан 500 орчим хуудас материал байсан гэж албаны эх сурвалж өгүүлж буй юм. Эл хэргийг БНХАУ-ын иргэн Дү Гиен үйлджээ.
Энэ нь гадаадын иргэдийн улсын нууцад тооцогдох материал хилээр авч гарахыг завдсан эхний тохиолдол биш аж. Өнгөрсөн зургадугаар сард БНХАУ-ын иргэн Го Жон Хараа, Ерөө зэрэг алтны орд газруудын зураглалтай материал хил давуулах гэж байгаад баригдсан юм. Үүний дараахан буюу дөрвөн сарын өмнө мөн тус улсын иргэн нефтийн орд газруудын талаарх мэдээлэл багтаасан 15 хард диск хилээр авч гарахыг завдсан. Энэ хэргийг үйлдсэн хятад иргэн эмэгтэй хүн байсан бөгөөд түр хугацаагаар манай улсад ирсэн нэгэн байжээ. Харин Дү Гиен энэ төрлийн судалгааны ажлаар манай улсын зарим нэг төрийн байгууллагуудтай хамтарч ажиллаж байсан гэх мэдээлэл байна. Тэрбээр хийсэн судалгааныхаа материалаас авч явах гэж байгаад баригдсан бололтой. Дээрх гурван иргэн бүгд хайгуулын судалгааны материал авч явсан нь тагнуулынхны анхаарлыг татаж байгаа юм. Өмнө нь бараг ийм төрлийн хэрэг гарч байгаагүй гэхэд болно. Гэтэл нэг жилийн дотор Монгол Улсын нууцад хамаарах бичиг баримт гурван удаа гаргахыг завдсан нь ховор тохиолдол биш хэмээн албаны эх сурвалжууд өгүүлж буй юм. Юутай ч дээрх хэргүүдийг тагнуулынхан өөрсдийн чиглэлээрээ шалган Дү Гиенд холбогдох хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ. Дээрх иргэдэд олдсон материал АМГТХЭГ-т хамаарагдах баримт байсан байна.
Наад захын жишээ л гэхэд Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын үүдэнд ашигт малтмалын орд газруудын байршлыг тогтоосон зураг бүхий самбар бий. Үүнийг хууль бус хэмээн мэргэжилтнүүд үздэг юм билээ. Харин тус газрынхан энэ асуудалд нээлттэй ханддаг аж. Тус байгууллагаар орсон гадна, дотны хэн боловч тэр зургийг хуулбарлаад гарах боломжтой аж. Энэ мэт байдлаас үзэхэд өнөөдөр Монгол Улсад нууц зүйл байхаа больсон бололтой. Аливаа улс орон битгий хэл, байгууллага бүр нууцлалтай байдаг. АМГТХЭГ-ынхан шиг гол нууцлалаа гаднаа байрлуулаад хэн дуртай нэгний үзвэр болгоод байвал гадаадын иргэд жуулчны визээр бүү хэл, Монгол Улсын нууцын зэрэглэлтэй материалыг хоёр, гурван цагийн дотор л олоод явах боломж бүрдсэн бус уу.
Г.Ялгуун

