Улс төр, Нийгэм 

Засгийн газар

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж дараахь асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Музейн сан хөмрөгийг тоолжээ

БСШУ-ны сайдын тушаал болон аймгуудын Засаг даргын захирамжаар томилогдсон улс, аймгийн музейн сан хөмрөгт улсын тооллого явуулах комисс нийт 34 музей, байгууллагад улсын тооллого хийсэн байна.

Тооллогоор тоологдвол зохих 207683 ширхэг үзмэр, эд өлгийн зүйлээс 206109-ийг тоолж бүртгэсэн байна. Нийт 3287 үзмэр дутсанаас 141 нь хулгайд алдагджээ.

Уг асуудлыг хэлэлцээд

- музейн дүрэм, журмыг шинэчлэн боловсруулж, музейн ажилтны ёс зүй, хариуцлагын тогтолцоог чангатгах, үзмэр, сан хөмрөгийн эд өлгийн зүйлсийг үрэгдүүлсэн захирал нарт хариуцлага тооцох

- гадаад оронд зохион байгуулсан үзэсгэлэнгийн орлого болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлэн түүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйлийн каталоги хэвлүүлэх, электрон каталоги хэвлүүлэх арга хэмжээ авах

- улс, аймгийн нийт музей, түүний сан хөмрөгийг зориулалтын техник хэрэгсэл, хорго, шүүгээ, тавиур, хамгаалалт, дохиоллын тоног төхөөрөмжөөр тоноглоход шаардагдах зардлын судалгаа гаргаж, 2010 оноос жил бүрийн төсөвт тусгаж байх зэрэг заалттай Засгийн газрын тогтоол гаргахаар болов.

Ерөнхийлөгчийн зарлигийн төсөлд санал өгөв

1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ололтыг баталгаажуулан Монгол Улсыг тунхаглан зарласан хийгээд таван яам бүхий анхны Засгийн газар байгуулсан түүхэн үйл явдлын 100 жилийн ой 2011 оны 12 дугаар сарын 29-ний өдөр тохиох юм.

Энэхүү түүхэн үйл явдалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр "Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэх тухай" зарлигийн төсөл санаачлан боловсруулсан байна.

Хуралдаанаар уг зарлигийн төслийг хэлэлцэн дэмжлээ.

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг тогтоолоо

2009 онд аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны сар тутам төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг түүний хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дөрвөн хувь байхаар тогтоов. Мөн Төрөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцдаг даатгуулагч болон их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн өдрийн ангийн суралцагч, малчин, ял эдэлж байгаа хоригдол, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан иргэний эрүүл мэндийн даатгалын сарын хураамжийг 500 төгрөгөөр, гадаадын иргэн, харьяалалгүй хүний сарын хураамжийг 4000 төгрөгөөр тус тус тогтоож, ирэх оноос эхлэн мөрдөхөөр боллоо.

Засгийн газар тохируулагч 12, хэрэгжүүлэгч 30 агентлагтай ажиллана

"Засгийн газрын тухай", "Засгийн газрын агентлагийн тухай" хуулийн холбогдох заалт, "Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай" УИХ-ын 2008.12.19-ний өдрийн тогтоолыг үндэслэн Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагуудыг байгуулах Засгийн газрын тогтоол гаргахаар болов.

Тогтоолоор агентлагуудын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг баталж мөрдүүлэхийг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов.

Аж ахуйн тооцооны үндсэн дээр ажиллаж, үйл ажиллагааныхаа орлогоос санхүүждэг Засгийн газрын агентлагуудыг улсын төсвөөс санхүүжих зарчимд шилжүүлэн, орлогыг төсөвт бүрэн төвлөрүүлж ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээ авахыг мөн даалгалаа.

Аймаг, нийслэлийн ЗДТГ-ын бүтцийг батлав

Хуралдаанаар аймгийн удирдлагыг Засаг дарга, Засаг даргын орлогч, Засаг даргын Тамгын газрын даргатай байхаар;

Орон нутгийн онцлог, нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоо, эдийн засаг, үйлдвэрлэлийн цар хүрээнээс хамааруулан Баянхонгор, Баян-илгий, Говь-Алтай, Дархан-Уул, Дорнод, Завхан, ивөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн ЗДТГ-ыг 41 хүртэл, Архангай, Булган, Дорноговь, Дундговь, Орхон, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий аймгийн ЗДТГ-ыг 37 хүртэл, Говьсүмбэр аймгийн ЗДТГ-ыг 29 хүртэл орон тоотой байхаар тогтоов.

Нийслэлийн ЗДТГ-ын орон тооны хязгаарыг 85 хүртэл, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны орон тооны хязгаарыг 40 хүртэл, нийслэлийн дүүргүүдийн ЗДТГ-ын орон тооны хязгаарыг Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт тус бүр 50 хүртэл, Баянгол, Сүхбаатар, Хан уул, Чингэлтэй дүүрэгт 45 хүртэл, Багануур, Налайх дүүрэгт 35 хүртэл, Багахангай дүүрэгт 22 хүртэл байхаар тогтоов. Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд 28 хэрэгжүүлэгч агентлаг ажиллах юм.

Журам баталлаа

"Дайнд оролцсон ахмад настнуудын талаар авах зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 170 дугаар зарлиг, "Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль"-ийн заалтыг үндэслэн дайнд оролцсон ахмад дайчинд олгох орон сууц, эсвэл түүнтэй адилтгах мөнгөн тусламжийн хэмжээ 35.0 сая төгрөг байх Засгийн газрын тогтоол гаргахаар тогтов.

Тогтоолоор "Дайнд оролцсон ахмад дайчинд орон сууц, эсвэл түүнтэй адилтгах мөнгөн тусламж олгох журам"-ыг батлав.

Түүнчлэн байр авах хүсэлт гаргасан ахмад дайчдыг орон сууцаар хангах арга хэмжээ авах, орон сууц, түүнтэй адилтгах мөнгөн тусламж олгоход шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусган шийдвэрлүүлж байхыг холбогдох сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.

Ахмад дайчдад орон сууц, мөнгөн тусламж олгохдоо

1. Хоёр дайнд оролцсон ахмад дайчин

2.1939 оны Халх голын дайнд оролцсон ахмад дайчин

3.1945 оны чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчин

4.1940-1948 оны Баруун хилийн зэвсэгт тулгаралтад оролцсон ахмад дайчин гэсэн дарааллыг баримтлах бөгөөд ганц бие, харж хандах үр хүүхэд, төрөл садангүй, орон гэргүй, байнгын хэвтэрт, бусдын асаргаанд байгаа ахмад дайчныг тусламжид эхний ээлжинд хамруулахаар журамд тусгасан байна.