Африк 

Гвинейд төрийн эргэлт хийхийг завдлаа

Гвинейн Ардчилал, хөгжлийн төлөөх үндэсний зөвлөл тус улсад төрийн эргэлт хийхийг завдсан байна.  Зөвлөлийн бүрэлдэхүүнд цэргийн 26, энгийн зургаан хүн багтаж байгаа аж. Тэд Засгийн газрыг тарааж, эрх баригчдыг авлига авсан, эдийн засгийн уналтад хүргэсэн хэмээн буруутгажээ.

Хуйвалдагчдын энэхүү мэдэгдлийг тус улсын эрх баригчид няцаан, Засгийн газар нь нөхцөл байдлыг хяналтдаа авсан тухайгаа мэдэгдсэн байна. Төрийн эргэлт хийсэн гэдэг нь хоосон, утгагүй зүйл юм гэжээ. Одоогоор хуйвалдагчдыг барьж чадаагүй байна. Харин Гвинейн нийслэл Конакрид нөхцөл байдал ямаршуухан байгаа нь тодорхойгүй байгаа аж.

Саяхан Гвинейн Ерөнхийлөгч Лансан Конте таалал төгссөн билээ. Үүний дараахан тус улсын Ардчилал, хөгжлийн төлөөх үндэсний зөвлөл нь төрийн эргэлт ийнхүү хийхийг оролдсон байна. Ерөнхийлөгч Л.Конте нь эл албыг тасралтгүй 24 жил хашсан аж. Африк тивийн баруун хэсэгт байрладаг уг улс нь хөнгөн цагааны хүдрийг дэлхийн зах зээлд нийлүүлдэг төв юм.