Үндэсний үзэл 

Хамгаалагч залуу есөн хүний амь аварчээ

Баянгол дүүргийн XVI хороо, "Од" кино театрын замын эсрэг талд байрлах хоёр давхар байшинд өчигдөр өглөөний 05:47 цагт гал гарчээ. "Од" кино театрын хамгаалагч н.Баттулга галаас есөн хүнийг эсэн мэнд гарахад тусалсан байна.

15х10 метрийн хэмжээтэй уг байшингийн нэгдүгээр давхрыг үйлчилгээний зориулалтаар ашигладаг гэнэ. Харин II давхрын дөрвөн өрөө тус бүрт түрээслэгч амьдардаг байна. Гал гарах үед бага насны хоёр хүүхэд, долоон хүн унтаж байсан аж. Эхлээд байшингийн нэг давхрын үүдэн хэсэг шатаж эхэлжээ. Хамгаалагч залуу үүнийг хараад 101-д дуудлага өгсөн байна. Галынхныг ирж байх зуур тэрбээр байшинд очиж иргэдийг сэрээж, гал унтраагуураар цонх хагалж шүршжээ. Харамсалтай нь өөрөө шилэнд нүүр, нүдээ зүсүүлж бэртэн, гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн гэнэ. Ингээд дуудлагаар ажилласан гал унтраах X ангийн ээлжийн хэлтсийн зохицуулагч М.Буянбаатараас аврах ажиллагааг хэрхэн гүйцэтгэснийг тодрууллаа.

- Та нарыг очиход нөхцөл байдал ямар байсан  бэ?

- Байшингийн дээвэр, II давхар, гал тогооны өрөөнд гал дүрэлзэж байсан. Дөрөв, таван хүн гадаа гараад зогсчихсон байсан. Харин нэг хүн угаартчихсан, хоёр хүүхэд, нэг настай хүн галаас гарч чадахгүй байсныг аварсан.

- Тэднийг галаас яаж аварсан бэ?

- Сунадаг шатаа II давхар руу чиглүүлж, цонхоор нь иргэдийг гаргасан л даа. Ерөнхийдөө аврах ажиллагаа маш хурдан, шуурхай явагдсан.

- Гал гарсан шалтгааныг тогтоосон уу?

- Одоохондоо гал юунаас болж гарсныг хэлэх боломжгүй. Шинжээчдийн дүгнэлт 14 хоногийн дараа гарна гэв.

Гал гарсан газарт очлоо. Гадна талаас нь харвал байшингийн тагт, үүдний хэсэг, хаалга, галлагааны өрөө нь галд өртсөн байв. Мөн цахилгааны утас, тоолуур нь шатчихсан байлаа. Харин хоёр давхрын өрөөнүүд эзгүй байсан бөгөөд хар тортог болжээ. Гал унтраахаар шүрсэн ус байшингийн гаднах талбай, хана зэрэгт мөстсөн байсныг ахимаг насны гурван хүн цэвэрлэж байлаа. Тэдний хоёр нь өөрсдийгөө байрны эзний хамаатан гэж танилцуулж, ямар нэг мэдээлэл өгөхөөс татгалзав. Нөгөө нэг нь байрны галч С.Сэргэлэн аж.   Түүнтэй уулзаж, дараахь тодруулгыг авлаа.

- Гал гарч байгааг яаж мэдсэн бэ?

- Би 05.30 цагт галаа түлчихээд орондоо ороод удаагүй байсан юм. Гэтэл манай нөгөө өрөөг түрээсэлдэг Бат-Очир гэдэг хөгшин юун утаа гараад байна аа гэсэн. Тэгээд гарах гэтэл битүү хар утаа болчихсон, хоолой гашуун оргив. Энэ хооронд "Од" кино театрын хамгаалагч залуу цонх нүдэж, "Босоорой, гал гарч байна шүү" гээд хүмүүсийг сэрээсэн. Тэрээр гал унтраагуураар цонх хагалж, шүршсэн л дээ. Бидний амийг аварсан тэр хүүд маш их баярлаж байна. Даанч нүүрээ шилэнд зүсүүлээд бэртчихсэн.

- Гал командынхан хэзээ нь ирэв?

- Хамгаалагч залуу гал гарахыг хараад 101-д дуудлага өгсөн юм билээ. Галын машин ч маш хурдан ирж, бидний амийг аварсан. Манайх мухрын өрөөнд амьдардаг юм. Би тэнд долоон сартай, гурван настай хоёр зээтэйгээ охиныхоо хамт амьдардаг. Гал гарангуут охин маань угаартаад уначихсан. Тэгээд сэрээх гэсэн сэрдэггүй. Сүүлдээ би өөрөө манараад, босох гэсэн чаддаггүй юм билээ. Хүмүүсийн орилох чимээг сонсч байгаа хэрнээ ямар нэг үйлдэл хийж чадахгүй сонин болчихсон байсан. Азаар гал сөнөөгчид ирж бид эсэн мэнд гарсандаа талархлаа илэрхийлье.

- Гал юунаас болж гарсан юм бэ?

- Шинжээчид цахилгааны утаснаас болсон гэж байна лээ.

- Галлагааны өрөөнд эхэлж гал гарсан гэсэн. Зуухнаас гал алдаагүй биз?

- Ёстой тийм зүйл байхгүй. Би маш сайн шалгачихаад өрөөндөө орсон юм.

- Энэ байшинд хэдэн хүн амьдардаг юм бэ?

- Байрны нэгдүгээр давхрыг үйлчилгээний зориулалтаар ашигладаг. Харин хоёр давхрын дөрвөн өрөөг арав орчим хүн түрээсэлж байгаа.

- Одоо түрээслэгчид нь хаана байгаа юм бэ?

- Гадуур явцгаасан. Байшингийн дотор тал шатаагүй болохоор гайгүй л дээ. Байрны эзэн байшинг засварлах материал авахаар явчихсан байгаа.

- Галлаж болох уу?

- Одоо галаа түлэх гээд л мөсийг нь хусч, цэвэрлэж байна даа гэлээ.

М.Мөнхцэцэг