Гэмт Хэрэг 

Дипломат паспорттой монгол иргэд их хэмжээний тамхины хэрэгт холбогдлоо

Энэ хэрэгт Засаг дарга холбогдсон бөгөөд  тэдний авч явсан тамхи тавь орчим мянган ам.доллартай дүйцэхүйц гэнэ

Украин, Румыний хилийн ажилчид их хэмжээний тамхи хил гаргах гэж байсан Монголын дипломат албаны паспорттой иргэдийг баривчилсан тухай  мэдээлэл өчигдөр бидэнд ирсэн юм. Энэ сарын 20-ны шөнө 02 цагийн орчим "Порубне" гэх автомашин нэвтрэн өнгөрүүлэх цэгт "Мерседес" маркийн дипломат дугаартай ачааны микроавтобус ирсэн байна. Ачааг Монголын хоёр иргэн дагалдан явж байсан бөгөөд тэд паспортын шалгалтад дипломат паспортоо өгч шалгуулжээ. Бараан дээр нь дипломат шуудан хэмээн англиар бичиж наасан байв. Хайрцгийг хилчид нээхэд Украинд үйлдвэрлэсэн "Честерфилд" брэндийн тамхинууд байсан байна. Энэ талаар Гадаад хэргийн яамны хэвлэл мэдээллийн ажилтан Д.Баясгалангаас тодрууллаа.

- Бид  Москва хотод суугаа Элчин сайд болон Украинд суугаа консултай холбоо барьсан. Монгол иргэн Украины хилээр тамхи зөөж байгаад баригдсан байна. Урьдчилсан байдлаар чухам хэн гэдэг хүн эл хэргийг үйлдсэн болохыг тогтоож чадаагүй байна. Үүнийг тодруулахаар манай ажилчид ажиллаж байгаа.

- Энэ хэрэгт консулын ажилтнууд холбогдсон юм биш биз дээ?

- Үгүй, бидэнд ирсэн мэдээллээр нэгэн аймаг, сумын аль нь болохыг мэдэхгүй, Засаг дарга энэ хэргийг үйлдсэн бололтой.

- Чухам хаанахын  Засаг дарга гэж?

- Нарийн тогтоож амжаагүй байна.

- Саяхан болж өнгөрсөн орон нутгийн сонгуулиар сонгогдсон Засаг дарга уу?

- Үгүй, өмнө нь Засаг дарга байсан хүн бололтой.

- Аймаг, сумын Засаг дарга нарт дипломат албаны паспорт байдаг хэрэг үү?

- Байлгүй яахав. Тэдэн дунд дипломат паспорттой хүн бий.

- Хэдий хэмжээний тамхи авч явсан юм бол?

- Хэдий хэмжээний тамхи зөөвөрлөж явсан нь тодорхойгүй байна. Маргааш, нөгөөдрөөс энэ хэргийн талаарх мэдээл тодорхой болчих байх.

- Нэг бус хүн энэ хэрэгт шалгагдан хоригдож байгаа гэх юм?

- Ахалж явсан хүн нь Засаг дарга байсан бололтой.

- Бусад нь...

- Мэдэх юм алга.

- Украинд тэднийг хорьж байгаа юм уу, Румынд уу?

- Тодорхой мэдэхгүй байна. Холбогдох шугамаараа бид тодруулж байгаа хэмээв.

Тус газрын консулын хэлтсийнхэн ч хэвлэлийн төлөөлөгчийнхөө адил мэдээлэл өгсөн юм. Албаны эх сурвалжийн мэдээлснээр дээрх иргэдийн  хил давуулах гэж байсан тамхи нь ойролцоогоор тавь шахам мянган ам.доллартай тэнцэхүйц аж. Юутай ч хууль зөрчсөн иргэдийг Украины цагдаагийн газар хорьж шалгаж буй гэнэ.

Гадаадад суугаа манай улсын дипломат ажилчид  үе үе тамхины хэрэгт орооцолддог нь гэм биш зан болоод удаж байна. Харин энэ удаа дипломат ажилтан бус Засаг дарга холбогдсон гэж Гадаад хэргийн яамныхан баталж байна. УИХ-ын гишүүнээс авахуулаад газар, агентлаг, байгууллагын дарга нар тэдний гэр бүл, ойр дотныхон нь хүртэл дипломат паспорттой гэхэд хилсдэхгүй. Замбараагаа алдсан ногоон паспортын шид захаасаа авахуулаад булхайгаа ийнхүү чирч байгаа бололтой.

Г.Дэлгэрцэцэг