AMD Vision Technology
Одоогоос хэдхэн жилийн өмнө хэрэглэгчдийн шинэ компьютер авахдаа анхаардаг гол хэмжүүр нь процессорын хурд буюу гигагерц байдаг байсан бол өнөөдөр энэ бүхэн өөрчлөгдсөн болохыг та бүхэн мэдэж байгаа байх. Системийн төв процессор үйлдвэрлэгчдийн Мурын хуульд суурилсан “Гигагерц” өрсөлдөөн эцэстээ мухардалд орж процессорын архитектур илүү ухаалаг, бүтээмж өндөртэй байх шаардлага төрснөөр загварын нэршилгээ ч дан ганц гигагерц хэмжүүрт тулгуурлахаа болиж, элдвийн тоо үсэг нэртэй холилдсон загварууд хэрэглэгчдийн толгойг эргүүлж эхлэх болсон билээ.
Өнөөдрийн энэ график болон интернэт технологийн хурдтай хөгжил ачаалал, хэмжээ ихтэй медиа өгөгдлүүд нь системийн төв процессороор зогсохгүй график карт, санах ой, хатуу диск гэх мэт компьютерийн бусад эд ангиудыг хүртэл дээрх хэрэгцээг хангахуйц түвшинд техникийн үзүүлэлттэй байхыг шаардах болсон нь ойлгомжтой. Энэхүү хэрэгцээг хангахуйц хэмжээний чадалтай компьютерийг хэрэглэгч худалдан авахад ойлгомжтой болгох зорилгоор AMD нь AMD Vision хэмээх маркетингийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа юм байна.
AMD-ийн мэдээлж буйгаар Vision хөтөлбөр нь системийн ерөнхий хүчин чадлыг голчлон сурталчлах бөгөөд түүн дундаа төв болон график процессорын хосолсон ажиллагааны видео болон дижитал медиа өгөгдлүүд дээр гүйцэтгэх давуу талыг хэрэглэгчдэд таниулах юм.
AMD-ийн Маркетинг хариуцсан захирал Nigel Dessau нь хэлэхдээ “VISION хөтөлбөр нь өндөр нягтшилт HD видео болон бусад ачаалал ихтэй медиа үзүүлбэрийг тоглуулахад хангалттай хэмжээний чадалтай компьютерийг түүний доторх эд ангиудын гигагерц болон гигабайт гэх мэт техникийн түвшинд өнөөдрийн хэрэглэгчид ойлгох шаардлагагүйгээр худалдан авахад туслах болно” гэжээ.
AMD-ийн мэдэгдсэнээр Blu-ray болон 3D тоглоомын чадамжтай AMD–ийн шинэ үеийн график шийдэлтэй хосолон Vision Technology бүхий эхний гар компьютерүүд ирэх сарын унд үеэс дэлгүүрийн лангуун дээр хүрч эхлэх юм байна.
Vision Technology нь дотроо системийн бүтээмжийн хувьд Vision Basic, Vision Premium ба Vision Ultimate гэсэн 3 өөр түвшинг сурталчлах бөгөөд 2010 оны эхний улиралд энтузист хэрэглэгчдэд зориулсан дээд ангиллын Vision Black 4 дэх түвшний бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж эхлэх юм.
T.T.S

