Хятадын Ерөнхий сайд БНАСАУ-д айлчилж байна
Өчигдөр БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ир тус улсад албан ёсны айлчлал хийхээр ирсэн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаог нисэх буудалд угтаж авлаа. Ким Чен Ир Хятадын Ерөнхий сайдыг биечлэн угтаж, нисэх буудлаас Пхеньян хот хүртэл умард солонгосчууд гоёлын хувцсаа өмсөж, хоёр улсын далбааг барин халуун дотноор угтсан нь БНАСАУ-ын удирдлага энэ айлчлалд их ач холбогдол өгч байгаагийн илрэл байв.
Вэнь Зябао БНАСАУ-д айлчлах үеэрээ худалдаа-эдийн засгийн хэд хэдэн хэлэлцээр байгуулж, аялал-жуулчлал, боловсролын салбарт хамтран ажиллах тухай баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөжээ.

10 дугаар сарын 6 хүртэл үргэлжлэх Хятадын Ерөнхий сайдын айлчлалын бүрэлдэхүүнд Гадаад харилцааны сайд Ян Зечи, Хөгжил, өөрчлөлт шинэчлэлтийн хэрэг эрхэлсэн улсын хорооны дарга Жан Пин, Худалдааны сайд Чэнь Дэмин, Соёлын сайд Цай У, түүнчлэн Солонгосын хойгийн асуудлаарх зургаан талын хэлэлцээнд оролцогч Хятадын гол төлөөлөгч, Гадаад харилцааны дэд сайд У Давэй нар орсон байна.
БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Зян Юйгийн мэдээлснээр, Хятадын Ерөнхий сайд хоёр талын харилцааг хөгжүүлэх болон харилцан сонирхсон бусад асуудлаар БНАСАУ-ын удирдлагатай хэлэлцээ хийж, тус хоёрын улсын хооронд дипломат харилцаан тогтоосны 60 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцоно.
Пхеньянд болох уулзалтын үеэр БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн асуудлыг хөндөнө. Тус улс өнгөрсөн дөрөвдүгээр сард Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох зургаан талын хэлэлцээнд дахин оролцохгүй гэж мэдэгдсэн юм. Энэ айлчлал Пхеньяныг хэлэлцээний ширээнд буцаан суулгахад тус дөхөм болж магадгүй гэж шинжээч үзэж байна.

