Монгол 

Зээл олголт 70 хувиас давжээ

Монгол Улсын Засгийн Газар 2009 оныг үйлдвэржүүлэлтийг дэмжих жил болгосонтой холбогдуулан аймаг бүрт хөрөнгө хуваарилж жижиг, дунд үйлдвэрийн сангаас бизнес эрхлэгчдийн төслийг шалгаруулж арилжааны банкаар дамжуулан санхүүжүүлж байгаа билээ. Хэнтий аймгийн хувьд, өнөөдрийн байдлаар 40 орчим төсөлд 573.1 сая төгрөгийн зээл олгоод байгаа бөгөөд энэ нь “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан”-д төвлөрүүлсэн 773 сая төгрөгийн хөрөнгөтэй харьцуулахад зээл олгох ажил 74 хувьтай байгаа юм.

Ингээд иргэдийн төслийг сонгон шалгаруулах комиссыг ахалж байгаа аймгийн Засаг даргын орлогч Д.Намсрайтай уулзаж дараахь тодруулгыг авлаа.

- “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан”-гийн ажлын явц ямар байна даа?

- Засгийн газраас 2009 оныг Үйлдвэржүүлэлтийг дэмжих жил болгосонтой холбогдуулаад ХХААХҮЯ, “ХАС” банк, аймгийн ЗДТГ аль аль талаасаа тодорхой хэмжээний хөрөнгө бүрдүүлсэн. Ингээд жижиг, дунд бизнес эрхлэгчдэд 773 сая төгрөгийн зээл олгох боломжтой болсон. Одоогоор, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас 40 гаруй төсөлд 573.1 сая төгрөгийн зээл олгох шийдвэр гараад байна. Ингэснээр зээл олголт 74 хувьтай болж байгаа юм.

Ер нь, нэг тэрбум гаруй төгрөгийн 100 гаруй төсөл ирсэн. Үүнээс бид төслийн санаа нь давхацсан, яамнаас баталсан зөвлөмжөөс өөр чиглэлээр төслөө бэлтгэсэн ч байдаг юм уу, эсвэл өмнө нь банкнаас зээл аваад төлж чадаагүй байгаа гэх мэт шалтгаанаар цөөнгүй төслийг хассан. Бидний барьж байгаа бодлого бол аймгийн хөгжилд түлхэц болохуйц үйлдвэрлэл байх, ажлын байрыг олноор бий болгох зэрэг ач холбогдолтой төслүүдийг анхаарч дэмжиж байна. Ард түмний өдөр тутмын хэрэгцээг хангах, мөн хоногт 2000 литр сүү боловсруулах үйлдвэр ажиллаж эхлэх гэж байгаатай холбогдуулан аймгийн төвийг тойрсон Мөрөн, Баянхутаг, Хэрлэн сумын нутаг дэвсгэрт байрлаж сүүний үйлдвэрийг түүхий эдээр хангахуйц ашиг шим сайтай фермерийн аж ахуй эрхлэх, газар тариалан, төмс, хүнсний ногооны хэрэгцээг хангах нь манай аймгийн ойрын хугацааны зорилго болоод байна.

- Орон нутгийнхаа бодлогыг дэмжиж хөгжилд нь хувь нэмэр оруулъя гэх бизнес эрхлэгч хэр олон байна вэ?

- Хөгжлийн бодлоготой нийцүүлж хамтран ажиллая гэж санал тавьсан бизнесмен цөөнгүй бий. Гэхдээ бид аймагтаа ажиллаж амьдардаг, манай нутаг дэвсгэрт үйлдвэрлэлээ эрхэлдэг тийм улсыг мэдээж сонгож байна л даа. Газар тариалан, мал аж ахуйн салбарт хүчээ үзье гэсэн иргэдээ бид дэмжиж байгаа.

- Танай комиссын хурал дээр суугаад ажиглаж байхад зээлийг дамжуулан олгож байгаа банкныхныг та шүүмжлэх аястай байсан. Энэ нь ямар учиртай юм бэ?

- Яривал юм бий. Үнэхээр хөндүүштэй нэг зүйл бол банкны шалгуур хатуу байна. Энэ нь жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд саад учруулж байна гэдгийг хэлэх хэрэгтэй. Яагаад гэвэл, банк барьцаа хөрөнгө шаарддаг. Гэтэл 10 саяын зээл авах иргэн маань 10 саяын хөрөнгөтэй байгаад нэмэргүй, дор хаяж 30-40 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй байхыг шаардаж байна. Энэ бол бизнес эрхлэгч бүхэнд зүгээр л байж байдаг хөрөнгө биш шүү дээ. Энэ жилийн хувьд өнгөрлөө. Харин цаашдаа зээлийн үр ашгийг харж уян хатан ханддаг, аймгаас олгодог “Итгэлийн зээл”-ийн хувь хэмжээг нэмэх тал дээр анхаарч зохицуулж ажиллахгүй бол банкны шалгуур дэндүү хатуудаад байна!

- Одоогоор 770 гаруй сая төгрөгийн зээлийг үндсэндээ олгоод дуусах тийшээ хандаж байгаа юм аа даа?

- Тийм ээ. 10 дугаар сарын 2 -ны өдрийн комиссын хурлаар, 33 сая төгрөгийн өртөгтэй төслүүдэд зээл олгох, дээр нь зургаан төслийг “ХАС” банкны судалгаанд оруулах шийдвэр гарлаа. Эдгээр нь, гутлын, эсгий эсгий эдлэлийн, ашиг шим өндөртэй мал аж ахуйн, хөнгөн бетон үйлдвэрлэлийн, ахуйн үйлчилгээний чиглэлээр хэрэгжүүлэх манай бизнес эрхлэгчдийн төслүүд байсан. ХХААХҮЯ-наас гаргасан бодлогын зөвлөмжид ч тохирч байгаа, гэхдээ өмнөх төслүүдтэй зарим нь санаа, чиглэл давхцаж байгаа учраас түдгэлзүүллээ. Аймгийн зүгээс хаягдал хуванцар савыг иргэдээс худалдан аваад бүтээгдэхүүн болгох, тоосгоны үйлдвэр, барилгын хийц хэсэг, хөнгөн бетон үйлдвэрлэх, гурилын үйлдвэрлэлээ сэргээхийг бодлогоор зориуд дэмжиж байгаа юм. Наад зах нь энэ жил манай аймгийн ургац сайн байгаа учраас гурил тэжээлийн “Буудайн цацал” компани үйлдвэрлэлээ сэргээх гэж байна. Гурилын үйлдвэрт ойрын хугацаанд гурван мянган тонн будаа нийлүүлнэ. Орон нутгийн хүнсний хэрэгцээг хангаж байгаа учраас бид дэмжиж ажиллаж байна. Энэ мэтээр аймгийн маань хөгжилд түлхэц өгөх үйлдвэрлэл, ашиг шим сайтай фермерийн аж ахуй байгуулах зэргийг бодлогоор дэмжиж нийт дүнгээрээ 150 орчим сая төгрөгийн зээл олгох болно.

- Ингэхэд зээл олгоод бараг дууслаа. Манай бизнес эрхлэгчид түрүүчээсээ ажлаа эхэлсэн болов уу? Та бүхэн хөндлөнгийн хяналт тавьж байгаа юу?

- Одоогоор бид сангаас олгох зээлд анхаараад албан ёсоор хөндлөнгийн хяналт тавиагүй байна. Гэхдээ манай бизнес эрхлэгчид ажлаа нэгэнт эхэлсэн. Жишээлбэл, аймгийн төвд хиам үйлдвэрлэж байна, ажлын цагаан бээлий нэхэж байна, мөн дуудлагаар үйлчлэх хими цэвэрлэгээний тоног төхөөрөмжөө угсарч дууссан гэх мэт ажлын сайхан эхлэл бий. Комиссын зүгээс банктай хамтран зээлээ олгож дууссаны дараа үр ашгийг нь тооцоход анхаарч ажиллана.

Б.Адъяахүү