Авто 

Хувцсаар машин хийжээ

40 мянган фунтын өртөг бүхий хувцсаар Формула-1 автомашины уралдаанд оролцдог «Феррари» машинтай адил харагдах машин бүтээжээ. Энэ машин нь нэг цагт 0 миль хурдалдаг байна.

Хувцсаар урласан уралдааны автомашиныг бүтээхэд 1682 богино ханцуйтай цамц, 88 жинсэн өмд, 64 хос гутал, 31 бүс ашиглажээ. Лондон хотын Карнаби гудамжинд байрладаг спортын хувцас борлуулдаг «Пума» дэлгүүрийн үзмэр болсон энэ машиныг бүтээхэд найман хүн таван цагийн турш ажилласан байна.

Загвар зохион бүтээгчид 4,2 метр урт спорт машины гар зургийг гаргахад долоо хоног зарцуулжээ. Зохион бүтээгчдийн бүтээсэн машины дугуйг усны лонхоор, хоёр талын толийг нүдний шил зэргээр хийжээ. Хар жинсэн өмдөөр дугуйн гадна талыг бүрж, улаан цамцаар «Феррари» машины гол өнгийг гаргажээ.

Тус дэлгүүрийн үзмэр тун хэврэг тул хүрэх болон суухыг хориглосон байна. Хувцсаар машины урлаж буй дүрс бичлэгийг интернэтийн 130 мянган хэрэглэгч үзжээ. Германы спорт хувцас үйлдвэрлэгч «Пума» компани нь «Феррари» багийн хувцасны албан ёсны нийлүүлэгч юм.

С.Отгонбаяр