«Анод» банкыг дампууруулвал хувьцаа эзэмшигчид нь хохирно
Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, «Анод» банкны хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл өчигдөр хэвлэлийн бага хурал хийв. Тус хурлыг зохион байгуулагчид «Анод» банкны хувьцаа эзэмшигчдийн 20 гаруй тэрбум төгрөгийн хохирлыг Монгол Улсын Их Хурал, Засгийн газар хариуцан шийдвэрлэх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.
Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, «Анод» банкны хувьцаа эзэмшигчдийн хамтарсан мэдэгдэл гаргасан. Түүндээ «Анх 1998 онд Монголын Хөрөнгийн биржийн харилцагч банк нь дампуурч, 40 гаруй зуучлагч компанийн нэг сая шахам хувьцаа эзэмшигчийн 1,1 тэрбум төгрөгийг алдсан. 2008 онд дампуурах гэж байсан «Анод» банк «хулхи» хувьцаа гарган үнэт цаасны зах зээлийн хөрөнгө оруулагчдыг ахин 20 тэрбум төгрөгийг эрсдэлд орууллаа. Манай холбоо болон хувьцаа эзэмшигчдээс тавьсан удаа дараагийн санал, шаардлагыг үл хэрэгсэн цаг хугацаа алдан өдий хүргэсэн. Төрийн байгууллагын зүгээс «Анод» банкыг дампууруулан хувьцаа эзэмшигчдийг зөнд нь орхих бодлого баримталж буй байр суурийг эрс шүүмжлэн үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалж, зүй зохистой, хохиролгүй байдлаар даруй шийдвэрлэхийг шаардаж байна» гэжээ.
Тус хурлын зохион байгуулагчдын төлөөлөл болох Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Л.Цэвээнравдангаас зарим зүйлийг тодрууллаа.
- «Анод» банк хэчнээн төгрөгийн хувьцааг тараасан байгаа вэ? Хэдэн хувьцаа эзэмшигч хохироод байгаа юм бэ?
- «Анод» банк нийтдээ 20.000 тэрбум төгрөгийн 19.315.080 ширхэг хувьцаа арилжсан байгаа юм. Түүнд 1268 хувьцаа эзэмшигч байгаа.
- «Анод» банк дампуурлаа зарлахад хүрээд байгаа талаар интернэтээр, гар утсаар нэлээд эртнээс мэдээлэл цацаж байсан. Тэр үед танайхаас ямар нэгэн арга хэмжээ авсан уу?
- Банкны салбарт өрсөлдөгч зах зээл их учраас тэдгээрийн явуулга байх гэсэн санаанаас тэр мэдээлэлд тухайн үед нь бид ач холбогдол өгөөгүй. Тэр мэдээллээс илүү төрдөө итгэсэн болохоор одоо ийм байдалд орчихоод байж байна.
- Танай байгууллага «Анод» банкны дампууралд ямар байр сууринаас хандаж байгаа вэ?
- Манайд үйл ажиллагаа явуулж байгаа банкнуудаас зөвхөн «Анод» банкны үйл ажиллагааг зогсоох хэмжээнд байсан уу гэвэл үгүй. Үнэхээр «хүссэн» бол «Анод»-ыг аварч үлдэх боломж байсан. «Анод» банк дампуурахаас өмнө, түүний дараа ч тус банкыг сонирхсон гадаад, дотоодын хөрөнгө оруулагч олон байсан, тэднийг авч хэлэлцээгүй. Дампуурлаас аврах олон боломж байсан ч холбогдох газрууд нь шийдвэртэй тэмцэж чадаагүй гэж үзэж байгаа. Одоо бол хувьцаа эзэмшигчдийг хохирогчоор татаад, «Анод» банкны удирдлагыг «хулхи» хувьцаа тарааж, хохирол учруулсан гээд төр өөрөө ард нь үлдэх гээд байна. Нэг үгээр хэлбэл, хувьцаа худалдаж авсан хүний хохь болж үлдэх гээд байгаа юм. Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, «Анод» банкны хувьцаа эзэмшигчдийн хамтарсан мэдэгдлээ УИХ, Засгийн газарт хүргүүлнэ.
- Яагаад заавал төр хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байгаа юм бэ? Татвар төлөгчдийн мөнгөнөөс хохирлыг төлүүлэх нь зөв шийдэл мөн үү?
-«Анод» банк нь Монгол Улсын санхүү, мөнгөний бодлого, зах зээлийг бүхэлд нь удирдан чиглүүлж, хяналт тавьдаг төрийн төв байгууллагуудын шийдвэрээр нээлттэй хувьцаат компани болсон. Гэтэл компанийн тухай хуулийн дагуу хувьцаа эзэмшигч нарын зохих эрхээ эдлэх боломж олгоогүй. Мөн хэтэрхий богино хугацаанд буюу хэдхэн сарын дотор л дампуурсан. Хэрэв үйл ажиллагаа нь дор хаяж нэгээс хоёр жил болоод, хувьцаа эзэмшигчид нь хурлаа хийгээд жигдэрчихсэн байсан бол өөр хэрэг. Монголын төр тус газрыг өөрийн удирдлага, хяналтдаа авч, гадаадаас ирсэн хөрөнгө оруулалтын саналуудыг няцааж, холбогдох шийдвэрүүдийг төрийн байгууллага, түүний төлөөлөгч нь бие даан гаргаж ирсэн. Яг энэ тохиолдолд төрөөс хариуцлага хүлээх болж байгаа юм. Хувьцаа эзэмшигчдийн хувьцааг нь нэрлэсэн үнээр нь төр юм уу бусад сонирхогч талууд худалдан авах боломж, арга хэлбэрүүдээр төр энэ асуудлыг шийдвэрлэж өгөх хэрэгтэй.
Б.Мөнхзул

