До.Ганболд: Оюултолгой бидэнд мөнгөөр хэмжиж боломгүй олон үр дүн авчирна
Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд өнөөдөр гарын үсэг зурахтай холбогдуулан уг төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар Монголын уул уурхайн үндэсний ассоциацын Ерөнхийлөгч До.Ганболдтой ярилцлаа.
- Он дамжин яригдсан Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээг өнөөдөр эцэслэх гэж байна. Ингэснээр уул уурхайн салбарт яг ямар бодитой үр дүн гарах бол?
- Зөвхөн уул уурхайд ч биш улс орны эдийн засаг, хөгжлийн бүх салбарт шинэ хуудас нээгдэж байна. Урд нь бид уул уурхайн салбараа “Эрдэнэт” мэтийн төрийн өмчит үйлдвэрээр л төсөөлж ярьдаг байсан бол одоо хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт давамгайлсан шинэ салбарын гараа эхэлж байна. Энэ төсөл Монголын нийгэмд ихээхэн ач холбогдолтой. Нөөцөөрөө ч, цар хүрээ хэмжээгээрээ ч, хөрөнгө оруулагчдын нэр хүндээрээ ч Монголд өмнө нь байгаагүй ашиг авчирна. Эдийн засгийн хөгжилд маш том хувь нэмэр оруулах учир уг төслийг зөвхөн бүтээгдэхүүн, алт зэсээр хэмжиж болохгүй. Энэ орд бол зөвхөн улс төрийн амлалтын хариу төдий биш гэдгийг онцолмоор байна.
- Гэрээ батлагдсаны маргаашнаас л мөнгө орж ирэх юм шиг ойлгох хүмүүс байна. Зарим хэсэг нь ойрын хэдэн жилдээ үр ашгийг нь амсахгүй мэтээр ярьж байна. Ард түмний амьдралд хамгийн түрүүн мэдрэгдэж эхлэх үр дүн юу вэ?
- Бүтээн байгуулалт эрчимжинэ. Одоо ч гэсэн хайгуулын ажил үргэлжилж байгаа л даа. Гэхдээ Оюутолгой ордыг өнөөдөр тогтоогоод байгаа нөөцний хэмжээгээр ч юм уу гэрээнд заасан 30 жилээр төсөөлж болохгүй, цаашид нөөц нэмэгдэх учир илүү олон жил ашиглах боломжтой. Нийт хөрөнгө оруулалтыг таван тэрбум ам.доллараар тооцоолж байгаа. Ийм их хэмжээний хөрөнгө зарж байсан төсөл урьд нь Монголд хэрэгжиж байгаагүй. Уул уурхайтай холбоотой дэлхий нийтийн жишиг статистик байдаг. Энэ салбарт нэг сая ам.долларын хөрөнгө оруулалт орж байхад бусад салбарт 1,5 сая ам.долларын хөрөнгө оруулалт автоматаар дуудаж байдаг. Уул уурхайн нэг ажлын байрны цаана өөр салбарт дөрвөн ажлын байр шууд дагалдаж бий болдог. Энэ бол уул уурхайгаас бусад салбарт нөлөөлж болох зөвхөн хоёр л жишээ. Үүнийг дагаад монгол хүмүүс олноороо ажлын байраар хангагдана. Ингэхдээ зүгээр нэг ёс төдий цалин биш дэлхийн хэмжээний том орд газарт ажиллаж буй учир боломжийн орлоготой болно. За тэгээд ажлын туршлага, мэдлэг олж авах, дэлхийн жишигт хүрсэн уул уурхайд гологдохгүй мэргэжилтэнтэй болох гээд монголчууд мөнгөөр хэмжиж болохгүй асар том оюуны баялаг авч үлдэнэ. Дэлхийд нэртэй, барууны том компаниудын зорилго бол ашиг биш нэр хүнд байдаг. Байгаль орчинд хэр ээлтэй үйл ажиллагаа явуулж байна, тухайн орон нутгийн хөгжил дэвшилд яаж оролцож байна, ажилчдынхаа нийгмийн асуудлыг хэрхэн шийдэж байна гэх мэтээрээ өрсөлддөг. Бид үүнээс нь суралцана. Ер нь аливаа төсөлд мөнгөөр хэмжиж болдоггүй үр дүн гэж бий. Оюутолгой бидэнд эдийн засгийн ач холбогдлоор нь тооцож болохгүй олон үр дүн авчирна.
- Оюутолгойн гэрээг хүмүүс янз бүрээр л хүлээж авч байгаа. Мэдээж Засгийн газар аль болох Монголд ашигтай хувилбараар хийсэн байх. Яг салбарын хүний хувьд уг гэрээг Та ард иргэдийн амьдралтай хэрхэн холбож тайлбарлах вэ?
- Энэ төслөөс монголчуудын хүртэх нийт өгөөж нь 75 хувиас дээш шүү дээ. Энэ бол хангалттай тоо. Мөнгөөр тооцож болох үзүүлэлт нь энэ. Мөнгөөр тооцож боломгүй үзүүлэлтийг нэмбэл бас нэг өөр дүн гарна.
- Үүнд манай талын эзэмшлийн 34 хувь, дөрвөн төрлийн татвараас орж ирэх мөнгө бүгд орж байгаа юу?
- Бүх татвар, Монголд зарлага талаасаа орж ирж байгаа ашгуудыг тооцоод манайд 75-аас доошгүй хувийн ашиг орж ирж байгаа. Хөрөнгө оруулагчдад 25 хувийн ашиг үлдэж байна гэсэн үг. Гэхдээ Оюутолгой уурхайн бүтээн байгуулалтын ажил дуусаад эцсийн бүтээгдэхүүн гаргаж, эдийн засагт бодит орлого оруулж эхлэх хугацааг таван жилээр тооцож байгаа. Тэрнээс нааш хөрөнгө оруулалтын мөнгө, гэрээгээр тохирсон урьдчилгаа төлбөрөөс өөр бодитой мөнгө орж ирэхгүй, борлуулалтын орлого тодорхой хугацааны дараагаас ашгаа өгч эхэлнэ.
- Гэхдээ гэнэтийн ашгийн татварыг 2011 оноос хүчингүй болгосон нь төслөөс олж ирэх ашгийг багасгаж байгаа мэтээр ярих хүмүүс байна. Хэрэв энэ татварыг авч байсан бол одоо тооцоолж байгаагаас илүү ашигтай байх байсан уу?
- Гэнэтийн ашгийн татвар бол анхнаасаа түр зуурын үзэгдэл гэдгийг хүн болгон мэдэж байсан. Ийм татвар тогтоочихоод тухайн салбарыг хөгжүүлнэ гэж байхгүй гэдгийг өнгөрсөн хугацаа бидэнд харууллаа. Нэгэнт баригдаад үйл ажиллагаа явуулж байгаа, аль аль талдаа улсаас хөрөнгө оруулдаг “Эрдэнэт” үйлдвэрт л зориулж гаргасан татвар шүү дээ. Гэхдээ ийм татвар тогтоогоод хэр их ашиг авчирсан бэ гэдгийг тооцож үзэх хэрэгтэй. Алт, зэсэн дээр гэнэтийн ашгийн татвар тогтоосноос хойш нийт 901 тэрбум төгрөгийн ашиг улсын төсөвт орсон гэсэн албан ёсны тооцоо байдаг. Ийм татваргүй байхад бусад төрлийн татвараас 546 тэрбум төгрөгийн орлого орж ирэх байсан. Зөрүү нь 350 гаруй тэрбумын ашиг олсон мэт харагдаж байна. Гэвч бид ийм бодлогогүй татвар тогтоосноор 20 гаруй тонн алтаа төвлөрүүлж чадалгүй алдсан. Олборлож чадаагүй алдсан уу, далд зах зээлд шилжсэн үү, мэдэхгүй. Энэ алга болсон алтаа тухайн үеийнх нь ханшаар тооцоод үзэхэд 500 сая ам.доллар буюу 700 гаруй тэрбум төгрөг болж байна. Гэнэтийн ашгийн татвар тогтоолоо гээд зэсэн дээр 350 тэрбумын ашиг олсон хэрнээ алтан дээр 700 гаруй тэрбумыг алдаад зөрүүнд нь 350 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай буюу хасах баланстай гарсан. Үүнийг хүн болгон ярихгүй байгаа боловч цаанаа яг л ийм байгаа. Жил ирэх тусам энэ зөрүү улам л нэмэгдэнэ.
- Гэнэтийн ашгийн татварыг үгүй болгосныг уул уурхайнхан хэр хүлээж авч байгаа вэ? Манайх шиг ийм татвар тогтоогоод ашиг олсон улс орон ер нь байдаг болов уу?
- Үүн шиг татвар тогтоож байсан улс орнуудын туршлагаас харахад хэзээ ч төлөвлөсөн ашгаа хүртэж чадаагүй байдаг. 2011 оноос гэнэтийн ашгийн татвар цуцлагдаж байгаад уул уурхайн салбарынхан мэдээж баяртай байгаа. Ийм шийдвэр гарах ёстой байсан. Цаг хугацаа нь жаахан оройтсоноос биш.
- Монголд үнэхээр ийм ашигтай юм бол нийгэмд яагаад Оюутолгой ордыг тойрсон янз бүрийн үзэл бодол, сайн муу хэл ам тасрахгүй байгаа юм бэ?
- Энэ ордыг яриад эхэлмэгц анхнаасаа эдийн засгийн тооцоогоор биш улс төрийн ашиг сонирхлоор хандаж эхэлсэн. Уул уурхайн мэдлэг, мэргэжилгүй хэрнээ улстөрийн зорилгоор энэ ордыг сонгуулийн өгөөш хүртэл болгож, янз бүрийн бэлэн мөнгө амласан. Зарим нь болохоор Оюутолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах нь хэзээ ч бүтэхгүй, биелэшгүй мэтээр ярьж байсан нь ч саяхан. Гэвч бодит байдал, цаг хугацаа гэдэг хамгийн сайн багш, бүх юмны шалгуур шүү дээ. Оюутолгойн гэрээг эрт орой, хэзээ нэгэн цагт заавал хийнэ гэдэгт бид огт эргэлзэхгүй байсан. Тэр цаг нь өнөөдөр ирчихэж. Гэхдээ хоцорсон, цаг хугацаа алдсан тал бий. Хэрэв бид энэ стратегийн ач холбогдолтой том ордоо улс төрийн ашиг сонирхлын бай болголгүй, ядаж гурван жилийн өмнө гэрээг нь хийсэн бол дэлхийн нийтийг хамарч буй санхүү, эдийн засгийн хямралыг арай хохирол багатай даван туулах байлаа. Гэвч огт хийхгүй байснаас оройтсон ч гэсэн хийж байгаа нь том дэвшил.
- Оюутолгойн гэрээг хэрхэн хийхээс дараа дараагийн орд хамаарна гэж ярьдаг. Энэ гэрээ уул уурхайн загвар гэрээ болж чадсан болов уу?
- Загвар болж чадна гэж үзэж байна. Зөвхөн нэг хоёр компанитай гэрээ байгуулж байна гэдэг утгаараа биш уул уурхайн салбарын эрхзүйн орчинг таатай болгож байгааг онцлох хэрэгтэй. Жишээ нь түрүүн асууж байсан гэнэтийн ашгийн татвар хөрөнгө оруулалтад маш том хаалт болж байлаа. Энэ хуулийг өөрчлөхгүйгээр алт зэсний салбарт дахиж гадны том хөрөнгө оруулалт орох ирэх эсэх нь маш эргэлзээтэй байсан. Гэрээ батлагдсанаар бусад томоохон төсөл хэрэгжих үүд хаалга болж байгаа юм. Оюутолгой бол цорын ганц том төсөл гэж хэн ч хэлэхгүй. Ирээдүйд ямар ч том орд нээгдэж болно. Уурхай Улаанбаатарт баригдахгүй, гэрэл цахилгаангүй, зам харгуйг байхгүй алслагдсан орон нутагт ашиглагдах учир дэд бүтцийн салбарт ч хэрэгтэй. Ер нь бусад салбарыг хөгжүүлэхэд уул уурхай үндэс суурь болно гэдэг утгаараа үр өгөөжөө өгнө.
- Оюутолгойн ордыг ашиглаж эхэлснээр улстөрчдийн амлаад байгаа эх орны хишиг, эрдэнийн хувь хэзээнээс иргэдийн гар дээр очих бол?
- Энэ амлалтыг би аль нэг ордтой холбомооргүй байна. Эрүүл ухаанаар бодоод үзэхэд энэ хэмжээний мөнгө бэлнээр өгнө гэдэг яагаад ч боломжгүй. Эдийн засгийн утгаараа ч, бодит байдлаар нь аваад үзсэн ч бүтэхгүй асуудал. Энэ бол миний хувийн байр суурь. Уг нь амлахаасаа өмнө энэ хэмжээний мөнгийг босгох, хуваах эх үүсвэрээ олчихсон байх ёстой байсан. Олоогүй байж хуваах тухай ярьж байгаа нь ч, авна гэж найдаж байгаа нь ч бодох л ёстой. Амласан хүмүүс өөрсдөө 2,5 саяыг 1,5 сая төгрөгөөр үржүүлээд үзвэл ямар нэртэй тоо гарахыг хэлж чадах болов уу? Ер нь улстөрөөр оролдож байгаа хүмүүс жаахан бодолтой, болгоомжтой “тоглох” хэрэгтэй. Бүтэхгүй амлалт хүзүү орооно шүү дээ. Сүүл рүүгээ хувьцаа тараах маягийн юм ярьж байна. Ерээд онд хувьцаа гаргаж үзэхэд юу болсон билээ дээ.
- Оюутолгойн орд өөрийн ашиг орлогоос илүүтэйгээр нийгмийн анхаарлыг татсанаас хугацаа алдлаа гэж Та хэлсэн. Хугацаа алдсанаар бид ямар хохирол хүлээж байгаа бол?
- Оюутолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал удаан хугацааны улстөржилтөөс болж хойшилж, энэ хэрээр бид цаг хугацааны хувьд ч, ашиг орлогын хувьд ч тодорхой алдагдал хүлээснийг бүгд мэдэж байгаа. Гэхдээ нөгөө талаар, янз бүрийн сувгаар мэдээлэл авсаар байгаад иргэд энэ ордын талаар маш их мэдээлэлтэй болсон. Ингэснээр орд ашиглах нь Монголд хэрэгтэй юм байна гэдэг ерөнхий ойлголт бий болж, нийгэмд хүлээлт үүссэн. Аливаа том ажлыг эхлүүлэхэд “нийгмийн лиценз” авна гэдэг их чухал. Бас нийгмийн чухал ач холбогдолтой төслийг улстөрийн тоглоом болговол ямар хор хохиролтой вэ гэдгийг харуулж өгч байгаагаараа бидэнд том туршлага боллоо. Нийгэмд хангалттай мэдээлэл өгөөгүй, ард иргэдээс “лиценз” аваагүй ажил дараа нь ямар маргаан, зөрчил дагуулдгийг бид “Бороо гоулд”-аас харж болно. Уг ордыг ашиглахдаа Засгийн газар тухайн үеийн хууль дүрэмдээ захирагдаж хийсэн. Үнэхээр Монголд ашиггүй гэрээ болсон уу, зориудаар ашиггүй болгож харагдуулаад байна уу гэдэг бас бодох асуудал. Дашрамд хэлэхэд тэр иргэний хөдөлгөөнүүд, Монголын төлөө цохилох зүрхтэй цөөхөн хэсэг гэж өөрсдийгөө нэрлээд байгаа хүмүүс үнэхээр л ашиггүй гэрээ хэлэлцээрийг эсэргүүцэж байгаа бол яагаад төмөр замын гэрээний талаар дуугардаггүй юм бэ? Төмөр замын гэрээг хийхдээ одоо байгаа нь болон ирээдүйд бий болох бүх татвараас чөлөөлж, тавь тавин хувийн эзэмшлээр хийсэн нь Монголд ямар ч ашиггүй болсон шүү дээ. Харамсалтай нь үүнийг хэн ч ярихгүй байгаа мэдэхгүйдээ биш, цэвэр захиалгатай үйл ажиллагаа гэж ойлгохоос өөр яах билээ.
- Өргөн утгаар нь авч үзвэл Оюутолгой төсөл эдийн засгийн болоод уул уурхайн үр ашгаас илүүтэй үр дүн авчирна гэж Та хэлж байна. Тодорхой жишээ хэлэхгүй юу?
- Геополитикийн хувьд ашигтай гэж хэлж болно. Манайх шиг хоёр том гүрний дунд хавчуулагдсан, хоёр хөршөөсөө шууд хамааралтай орон стратегийн том ордоо гуравдагч хөрштэй хамтарч эзэмшиж буй нь зөв гарц. Эрх чөлөө, тусгаар тогтнол гэж хоосон хашгирахдаа гол нь биш яг ийм байдлаар бодитой хэрэгжүүлэх нь эдийн засаг, улстөрийн бодлогын хувьд тусгаар тогтнолоо хангаж чадаж байгаа хэрэг. Нэмж хэлэхэд, ирэх 11 дүгээр сард “Discover Mongolia” уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалт болно. Долоо дахь жилдээ уламжлал болон зохиогдож буй энэ арга хэмжээ нь Монголын уул уурхайн үндэсний ассоциацын нэг том бүтээгдэхүүн юм. Улс орны уул уурхайн салбарыг сурталчлах, хөрөнгө оруулагчдыг татах боломж нээдэг гэдгээрээ чухал ач холбогдолтой. Энэ жилийн онцлог нь Оюутолгой төсөлд чиглэгдэж байгаа учир тэр үеэр уг ордтой холбоотой асуудал илүү дэлгэрэнгүй яригдах юм.
Э.Адъяасүрэн

