БНАСАУ зургаан талын хэлэлцээнд эргэж орох уу?
БНАСАУ зургаан талын хэлэлцээнд эргэж орж, эцсийн бүлэгт цөмийн хөтөлбөрөөсөө татгалзвал АНУ Умард Солонгостой хоёр талын хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж Франс Пресс агентлаг АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Иан Келлийн ярианаас иш татаж мэдээллээ.
Харин БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ир Пхеньян хотод Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаотай уулзахдаа өөрийнх нь орон БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн асуудлаархи зургаан талын хэлэлцээнд эргэж орж болох юм, гэвч энэ алхам АНУ-тай хийх хоёр талын хэлэлцээний явцаас хамаарна гэж мэдэгдсэн юм.
Пхеньяны ц өмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээ 2003 оны наймдугаар сард Орос, АНУ, Хятад, БНАСАУ, Өмн өд Солонгос, Японы дипломатчдын оролцоотойгоор эхэлсэн ч 2008 оны арванхоёрдугаар сарын 11-нд Бээжинд болсон уулзалт нь нурснаас хойш сэргээгүй юм. Тэр үед Умард Солонгос цөмийн хөтөлбөрийг нь хумих болзол бүхий хэлэлцээрийг няцаажээ.
Тавдугаар сарын 25-нд 20 орчим килотонн чадалтай цөмийн төхөөрөг туршсан БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрт дэлхийн хамтын нийгэмлэг сэтгэл түгшиж, буруушааж байгаа юм. Ийм үйлдлийн хариуд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Умард Солонгосын эсрэг хориг арга хэмжээг өргөжүүлэх шийдвэр гаргажээ.
Тэгвэл Пхеньян НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн энэ арга хэмжээг дайсагнасан үйлдэл, БНАСАУ-ын бүрэн эрхийг зөрчсөн хэрэг гэж үзэж байгаагаа удаа дараа мэдэгдэж, цөмийн болон пуужингийн туршилтаа үргэлжлүүлэх бодолтой байгаагаа мэдээлэв.
Үүний сацуу БНАСАУ Йонбен дэх цөмийн үндсэн объектуудаа сэргээх ажлаа дуусгаж байна. Тэнд Умард Солонгосын атомын хөтөлбөрийг хэрэгжүүлэх гол гол үйлдвэр байдаг юм. Энэ тухай Өмнөд Солонгосын тагнуулын байгууллагын мэдээнээс иш татаж Батлан хамгаалах яамны эх сурвалж мэдээллээ.
Уул нь 2007 онд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох зургаан талын хэлэлцээний хүрээнд Йонбен дэх цөмийн судалгааны төвийн гол гол объектыг ажилгүй болгосон юм. Гэвч Умард Солонгос энэ оны хавар төрөл бүрийн зориулалттай пуужин харвасныг дэлхийн хамтын нийгэмлэг буруушаасны дараа БНАСАУ-ын Засгийн газар тэдгээрийг сэргээх болжээ.
П.Шагдар

