Европ 

Британийн аюулаас хамгаалах албаны түүхээс

Кембрижийн их сургуулийн профессор Кристофер Эндрюгийн бичсэн Британийн аюулаас хамгаалах МИ-5 албаны өнөөдрийн байдлаар эхнийх бөгөөд цорын ганц албан ёсны түүхэнд анх удаа ил болсон хоёр мянга гаруй материал, түүний дотор Их Британид ажиллаж байсан зөвлөлтийн тагнуулчдын урьд нийтлэгдээгүй гэрэл зураг оржээ.

Эндрю 2002 оноос бичсэн «Вант улсын хамгаалалт» номоо МИ-5-ын 100 жилийн ойгоор хэвлүүлэв. Британийн аюулаас хамгаалах алба өнөөдрийн байдлаар хадгалагдаж ирсэн архивын баримт бичгүүдээс гадна бараг 400 мянган файлыг анх удаа нийтийн хүртээл болгов. Тэдгээрээс нэлээд нь одоо хүртэл «нууц» гэсэн тамгатай хадгалагдаж байв.

Зохиогч энэ номоо сэтгүүлчдэд толилуулахдаа аюулаас хамгаалах албаны албан ёсны эхний «намтар» бичих нь нэлээд хэцүү ажил байсныг хүлээв. МИ-5 дэлхийн нэгдүгээр дайнд хэрхэн бэлтгэж, Нэгдсэн вант улсын нутагт байсан Германы нэрд гарсан бүх тагнуулчийг хэдхэн долоо хоногийн дотор таньж, Британийн үйлдвэрчний эвлэлийн удирдагч Жек Жоунсыг КГБ-тэй /Зөвлөлтийн улсыг аюулаас хамгаалах хороо/ холбоотой хэмээн сэжиглэж, Гитлер Ерөнхий сайд Невилл Чемберленийг далдуур «Ичгүүргүй этгээд» гэж нэрлэснийг аюулаас хамгаалах албаныхан түүнд илтгэж байсан тухай мянга гаруй хуудсанд бичжээ.

«Би өдөр бүр энэ баримт бичгүүдийг үзэж байхдаа «Бурхан минь! Би энэ тухай ямар ч ойлголтгүй байжээ» гэж байсхийгээд л боддог байв!» гэж ном зохиогч ярив.
Энэ номонд МИ-5-ын архивын хосгүй гэрэл зураг, түүний дотор нууц бичиг, мөрдөн мөшгих үед авсан гэрэл зураг, Зөвлөлтийн «тагнуулч эмээ» Мелита Норвудын сүүлчийн нэг гэрэл зураг, тэр тагнуулч 1992 онд илчлэгдэхэд түүний хянагч «Сони» хэмээх Урсула Бертоноос түүнийг дэмжиж гараар бичсэн захидал байна.

Энд бас Лондонд Зөвлөлтийн тэнгисийн цэргийн атташегээр ажиллахын сацуу тагнуул хийж байсан Евгений Ивановын тухай өгүүлжээ. Иванов «уулзахыг хүссэн нэг эмэгтэйдээ» хуудас цаасан дээр уруулын хурц ягаан өнгийн будгаар бичсэн зурвасыг Эндрю номондоо оруулсан байна.

Эндрю ном бичихийг 2002 онд зөвшөөрч, архивт суух боломж олгосон МИ-5-ын тэргүүн асан сэр Стивэн Лендер МИ-5 алба ийм төсөл хэрэгжүүлсэн өрнөдийн аюулаас хамгаалах анхны алба болж байгааг тэмдэглэв. Түүний ярьснаар бол, МИ-5-ын ажилтнуудыг олон түмнээс аль болох хол байж, нээлттэй байхгүй байхыг» ямагт зөвлөдөг байжээ.

«Гэвч цаг өөрчлөгдөв. МИ-5 бас өөрчлөгдсөн, бид өөрөөр ажиллах хэрэгтэйг бид албаныхаа дотор сайн ойлгож байна. Есдүгээр сарын хэрэг явдлын дараа, манай цэрэг Афганистанд орсны дараа эл номыг бичиж эхэлсэн. Үүнээс олон зүйлийг хүмүүст тайлбарлах шарадлагатайг бид ойлгосон» гэж Лендер энэ төслийг хэрэгжүүлэх шийдвэр гаргаснаа тайлбарлав.

«Вант улсын хамгаалалт» ном МИ-5-ын түүхийг 1909 оны аравдугаар сард хоёрхон ажилтантай ажлаа эхэлж байснаас эхлэн бичжээ. Тэр үед вант улсыг Германаас, дараа нь Зөвлөлт Оросоос, мөн Их Британийн дотрох тэдний холбоотноос хамгаалах нь албаны гол зорилт байв.

«Хүйтэн дайн» дуусч, ЗСБНХУ задарсан нь Британийн аюулаас хамгаалах албаны бүтцийг ч өөрчилжээ. МИ-5 түүхэндээ анх удаа террортой тэмцэх болж, эхлээд Ирландын бүгд найрамдах улсын армийн эсрэг, хожим лалынхны эсрэг тэмцэх болсон байна.

П.Шагдар