Д.Энхбат: Монголын улс төр засаглалын битүү тойрогт орчихлоо
УИХ-ын гишүүн, МНН-ын дарга Д.Энхбаттай ярилцлаа.
- Нөхөн сонгуулийг эс тооцвол улс төрийн амьдрал аядуу байна. Гэхдээ эрх баригч хоёр нам сонгуулийн амлалтаа хууль болгохоор Эх орны хишиг сан, Баянмонгол корпорацын тухай ярьж эхэллээ. МНН энэ асуудлыг ямар өнцгөөс харж байна вэ?
- Баянмонгол ба Эрдэнийн хувь, Эх орны хишиг сангийн хуулийн төслийг хоёр нам санаачилснаа хэлэлцэж эхэлж байна. МНН энэ хуульд нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа. Яагаад гэвэл иргэддээ “хишиг-хувь” хүртээх нь хөгжлийн зам ч биш, тэдний яриад байгаагаар шударга ёсыг ч бэхжүүлсэн зүйл биш гэж бид харж байна. Яагаад гэвэл, монголчууд түүхийн чухал үед тулж ирээд байна. Ардчиллаар 20 жил явлаа, харин ирэх 20 жилд яах вэ гэсэн сонголтын цаг ирлээ. Бидэнд нэг бол социалист маягаа хадгалсан тэтгэмжийн улс болох, эсвэл ажил хийдэг, бүтээснийхээ хэрээр нийгмийн баялаг хүртдэг улс болох гэсэн хоёр сонголт бий. Сүүлийн 500 жилдээ бид анх удаа өөрийн мөнгөтэй болох гэж байна. Манжийн дарлал, оросуудын мэдэлд байсан монголчууд бидэнд уул уурхайгаа түшиглэн сэргэх түүхэн боломж гарч байна. Бид энэ боломжоо ашиглаж ажил хийдэг, хөгжингүй улс болох замдаа орж чадах уу. Эсвэл хуучин сэтгэлгээгээрээ л үргэжлүүлээд байх уу. Гэтэл эрх баригч бүлэглэл ард түмнийг насан туршид нь тэтгэх юм шиг бодлого явуулахаар хууль хэлэлцэж эхлэх гэж байна. Тэд шинэ замаар явахаар зориглохгүй байна гэж бид харж байна. Бид энэ замаар л яваад ядуу байгаа шүү дээ.
- Амласнаа биелүүлнэ гэдэг шударга ёс биш гэж үү?
- Эрх баригчид ард түмэнд хишиг, хувь хүртээх нь нийгмийн шударга ёс юм гэж байна. Гэтэл бидний байгуулж байгаа нийгэмд бүх хүнд тэнцүү мөнгө хуваахыг шударга гэж хэлдэггүй. Харин хүн болгонд ажилласных нь хэрээр хуваарилахыг шударга гэдэг. Хүн бүрт тэгш боломж олгох, “тэнцүү” мөнгө хуваах хоёр бол огт өөр зүйл. Мөнгийг хэн ч хувааж чадна. Харин шударга тогтолцоог бий болгоход зориг, зүтгэл маш их орно. Байгалийн баялаг бол тэртээ тэргүй ард түмний өмч. Бид хэнээс ч хувь, хишиг хүртэх шаардлагагүй. Нэг гэр бүл ч гэсэн дундаа хөрөнгөтэй байдаг. Түүнийгээ тэнцүү хувааснаар шударга ёс тогтож гэр бүл баяждаггүй. Монголын асуудал бол хүн бүрт хуваагаагүйдээ бус харин хүн бүрт хүргэсэн, хүн бүрийг оролцуулсан тогтолцоо бий болгоогүй, бүгдэд ажиллаж амьдрах боломж олгож чадаагүйнх, улс гэр орноо авч явж чадахгүйнх. Өөрөөр хэлбэл засаглалийн асуудал. Бүх хүнд “шударгаар”, “тэнцүү” хувааж өгнө, хувь хүртээнэ гэдэг чинь Октябрийн хувьсгалын танил уриа. Эх орны хишиг, Эрдэнийн хувь бол тэр үед феодалын хөрөнгийг хурааж, ядууст хувааж өгнө гэдэгтэй адил популизм. Үүнийг шударга ёсны төлөө амлаагүйг ч бид бүгд мэднэ. 1.5 сая мэт бол хүмүүсийн ядуурал дээр тоглосон сонгуулийн бохир тоглоом шүү дээ. Одоо тэр нь харин шоглоом болох аюул байна даа.
- Байгалийн баялгаас иргэддээ хувь хүртээдэг тогтолцоо ардчиллын үлгэр жишээ болсон АНУ-д ч бий шүү дээ?
- Зарим хүн Аляскийн санг нэрлэж, АНУ-д ч мөнгө хуваадаг гэж хэлж байгаа. Гэхдээ тэд хоёр зүйлийг мартчихсан байна. Америкууд эхлээд дэд бүтцээ байгуулж, үйлдвэржилтийн бодлогоор хүн болгоноо ажлын байртай болгосон. Нэг хүнээ сард 3000 ам.долларын цалинтай болгосон. Засаглалаа үнэхээр сайн болгосон. Харин одоо тэнд жилдээ 1000-3000 доллар иргэддээ энэ сангаасаа өгдөг юм билээ. Өөрөөр хэлбэл, эхлээд хийх юмаа хийчихээд нийгмийн нэмэгдэл хэлбэрээр мөнгө өгдөг. Аляск бол холын муж учир манай хөдөөгийн нэмэгдэл маягаар өгдөг. Харин Техас муж их баялагтай ч ингэж өгдөггүй. Түүнээс манайх шиг амьжиргааны суурь байдлаар мөнгө тараагаагүй. Хоёрт, Аляск бол бүхэл улс биш жижиг муж. Тийм болохоор тэдэнд бидэн шиг үндэсний том бодлого байхгүй. Өөр жишээ гэвэл Норвегиууд ийм сантай ч түүнээсээ хэзээ ч мөнгө тараадаггүй. Харин бүх мөнгөө хөрөнгө оруулалт хийгээд зөвхөн хүүг нь нийгмийн зорилгоор хэрэглэдэг. Арабууд бол хаант засаглал, дарангуйлалтай учир хааны хишиг өгдөг. Үлдсэнийг нь бүгдийг нь хааны гэр бүл авч байдаг.
- Хоёр нам нийлээд яриад байгааг бодоход зөвтгөх учир бас бий байлгүй?
- Хоёр нам нэг засагтай болсон төдийгүй, аажмаар адилхан хэт зүүний бодлоготой, нийгмийн нэг уриатай болж байна. Нэг сая, 1.5 саяын хооронд зарчмын ялгаа байхгүй. Одоо тэд эдийн засаг, нийгмийн нэг программтай болж түүнийгээ хуульчлах гэж байна. Үүнийг судлаачид засаглалын битүү тойрог гэж нэрлэдэг. Өнөөгийн Монголын улс төрийн нөхцөл байдлыг харахад ийм л битүү тойрог үүсчихлээ. Эх орны хишиг, Эрдэнийн хувийн хамтарсан хууль гаргана гэдэг 2012 оны сонгуулийн бэлтгэл ажил. Ийм битүү тойрог үүсэхээр өрсөлдөөн, шүүмж унтарч, эрх баригчид өөрсдөдөө зориулсан хууль гаргаж, өөрсдөдөө “ээлтэй” бодлого барьж эхэлдэг. Уг нь ардчиллын засаглал хуваах зарчмаар ийм тойрог үүсгэхийг хуулиар хорин хамгаалдаг. Засагт олонхи, цөөнхийг заавал тусад нь байлгадаг нь хоосон улс төр биш, удирдлагын ухааны маш чухал зарчим шүү дээ. Харамсалтай нь бид үүнийг хийж чадаагүй.
- Яагаад 2012 оны сонгуулийн бэлтгэл гэж. 2008 оны сонгуулиар нэг сая, 1.5 саяыг өгнө гэж амласан шүү дээ?
- Бид эрх баригчдын нам, хяналтгүй төрийн тогтолцоо, эдийн засгийн хэт зүүний бодлого, нийгмийн бэлэнчлэх сэтгэлгээ рүү улам бүр гулсч байна. Уул уурхайн сул мөнгө ийм байдалд суурь болж байна. Өөрөөр хэлбэл, бидний ярьдаг Голланд өвчний анхны дайрлага ирлээ. Мөнгө нь орж ирээгүй байхад “согтож”, жаахан мөнгөө шууд тарааж, 10 жилийн дараах мөнгийг хуваасан хууль гаргаж, ард түмнийг дараагийн 20 жил тэжээнэ гэсэн ойлголтыг нийгэмд өгч байна. Энэ бүхэн нийгмийн ухамсар, хөгжлийн үзэл баримтлалыг буруу тийш нь залж байгаа юм. Энэ бол Монгол Улсын өрсөлдөх буюу өөрийгөө дайчлах чадвар, эдийн засгийн хөгжилд буруу сигнал өгнө.
Ийм байдлыг бид өөрчлөх хэрэгтэй. Хоёр нам жилийн өмнө Засгийн газар хамтарч байгуулахдаа нэг зүйлийг амлаж байсныг санах хэрэгтэй. Дотоодын хэрүүл шуугианаа цэглэе, гол асуудлаа ярья, улс орон хүнд байна гэсэн. Тиймээс ч 2010-2011 ондоо буюу сонгуулиас нэлээд хол үед ажил хэрэгчээр боловсрол, эмнэлгээ эрс сайжруулъя, улс төрийн нам, сонгуулийн тогтолцоогоо цэгцэлье, нутаг дэвсгэрийн хуваариа дахин нэг нягталъя, бизнесээ дэмжье гэх мэт олон ажлыг хэлэлцэх байх гэж олон түмэн найдаж байсан. Гэтэл одоо шууд л 2012 оны сонгуулийн ажлаа эхэллээ. Улстөрчид маш богино сэтгэдэг, тэр нь улс үндэстний ийм чухал цагт хамгийн гол аюул болдог юм байна. Үүнийг давсан улс төрийн зориг л одоо бидэнд хэрэгтэй.
- 2012 оны сонгуульд зориулсан хууль болохоор иргэд 1.5 сая төгрөгөө авах нь ээ?
- Олон хүн ядуу байна. Тэд 2.5 саяыг хүлээж байгаа. Гэхдээ эрх баригчид өгч чадахгүй. Энэ бол бодит байдал. Бүгдийг өгөх гэвэл эдийн засаг сүйрнэ. Өгсөн болж хуурч эхэлбэл тэд улс төрийн зоригоо алдаж, мөнхийн “өртэй”, амиа аргацаасан зам руу орно. Бид ийм замаар явж болохгүй. Бид саалийн үнээтэй болсон нь үнэн, харин одоо түүнийгээ алаад хувааж идэж болохгүй, харин үнээгээ сайн тэжээж, төллүүлээд, саалийг нь дараа зун ууж цааш явах хэрэгтэй. Саалийн үнээ гэж бидэнд олдсон өнөөгийн боломжийг би хэлсэн юм. Ер нь бид бүгдээрээ бэлэн мөнгө тараахын хор уршгийг мэднэ шүү дээ. Америкийн индианууд, Австралийн аборигенууд бэлэн мөнгө аваад архи уугаад л байхгүй болсон. Манжууд бүх эрчүүдээ цалин пүнлүүтэй болгож, хэргэм цол өгсөн. Манж үндэстэн мөхсөн. Өнөөдөр бид яг ийм улс төрийн философийг Монголд хэрэгжүүлэх гэж байна. Асуудал нэг жижиг хуулийн тухай юм шиг хэрнээ агуулга нь Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд хүчтэй өөрчлөлт оруулж мэднэ. Хоёр сая хүн буруу сигнал авна гэдэг өөрөө аюул. Одоо биднийг ажлын байртай болгох нь, өрсөлдөж амьдрах нь, хүн бүр чадлынхаа хэрээр зүтгэхийг шударга гэдэг юм байна гэж дөнгөж ойлгож байтал хүн бүрт хуваах нь, цөмөөрөө тэтгэвэр авах юм байна гэсэн буруу сигналаар солигдлоо. Үүгээрээ үндэсний ухамсарт өөрчлөлт оруулна. Зах зээлийн замаас ухарна. Монголчууд бид ийм замаар явж болохгүй гэж итгэж байгаа болохоор эсэргүүцээд байгаа юм. Монголчууд бидэнд бүх зүйл бий. Гагцхүү хүсэл зориг дутаад байгаа. Үүний үүслийг ийм бодлого үгүй хийнэ. Энэ бол мөнгөө алдахаас илүү хортой. ЗХУ-аас мөнгө авч, хүн бүрт тэнцүү хөрөнгө хувааж 80 жил болсон. Нэг намтай явж ч үзсэн. Бүгдэд тэнцүү хуваахыг шударга юм гэж ойлгож байсан уу гэвэл байсан шүү дээ. Харин болохгүй юм байна гэдгийг ойлгоод олон намын тогтолцоотой, зах зээлийн, өрсөлдөөнтэй нийгэмд шилжсэн шүү дээ. 20 жилийн өмнө олж авсан ардчилал, боломжоо дахин сонгогдохын тулд популизмаар сольж байна. Нэгэнт л 1.5 саяыг өгч чадахгүй, угаасаа өгч болохгүй учир бид өөр зам хайх хэрэгтэй. Эс тэгвэл энэ байдлаасаа гарахын тулд дараагийн үлгэрээ зохиож таарна. Бид ийм л тойрогт орчихоод байна даа.
- Тэгэхээр олон нийт хоёр намын амласан мөнгийг хэзээ ч авч чадахгүй гэсэн үг үү?
- Хүн амын тэн хагас нь ядуу байна. Мөнгө авна гэж бүгд баярлаж байгаа. Оюутолгойн гэрээг байгууллаа, одоо мөнгөө авах нь гэж бодсон. Эргэцүүлээд өөрөө дүгнэлт хий дээ. Хэдийгээр Эрдэнэтээс тав, зургаа дахин том ч Оюутолгойн ордоос бид 70 жилд 29 тэрбум доллар олно. Жилд 300 хүрэхгүй сая доллар гэсэн үг. Гэтэл Эрдэнэт өнөөдөр 500 саяыг өгч байгаа шүү дээ. Хэр их өөрчлөлт гарах вэ. Сонгуулийн амлалт бол олон тохиолдолд шилний цаанаас чихэр долоолгохтой адил байдаг. Эрүүл саруулаар бодож, энэ үлгэрт итгэх хэрэггүй гэе дээ. Гэхдээ үлгэрийг алга болгохгүйн тулд маш бага мөнгө өгөх байлгүй дээ.
- Та АН-ыг хэт зүүний хоолойгоор дуулаад байна гэж хэлэх гээд байна уу?
- АН бүхлээрээ яг ийм үзэлтэй болсон байх гэж би бодохгүй байна. АН-ын дотоод асуудлыг тэдний өмнөөс хэлж чадахгүй. Харин МНН 2008 оны сонгуульд хүн бүрт мөнгө өгөх биш, харин хүн бүрийг ажилтай, өрх бүрийг орлоготой болгох засгийн төлөө гэж оролцсон. Өнөөдөр 1.5 сая төгрөгийг хүн аваад яах билээ. Мөнгө эхлээд Нарантуул орно. Дараа сард нь Эрээн гарна. Тэгээд тэр бүх мөнгө Эрээнийг хөгжүүлэхэд зарцуулагдана. Нөгөөтэйгүүр, хүн бүр 1.5 саяыг авбал мөнгөний ханш унаж маргааш нь л 750 мянга болж унана. Дэлгүүрт байгаа талхны үнэ хэд дахин нэмэгдэнэ. Удахгүй мөнгө дууссан ч талхны үнэ буцаад буухгүй. Энэ бодлогыг дахин дахин магтан яриад ч дуусахгүй нь гайхалтай
- Тэгвэл яах ёстой гэж?
- Бид засаглалаа өөрчлөн сайжруулж байгалийн баялгийн өгөөжийг хүн бүрт хүргэж чадах тогтолцоог бий болгохыг 100 хувь дэмжинэ. Гэхдээ ингэж мөнгө тарааж, эсвэл хүн бүр хөрөнгөө тэнцүү хуваах замаар биш. Одоогийн боловсрол, эрүүлийг хамгаалах, нийгмийн халамжийн тогтолцоог шинэчлэн сайжруулах замаар явахаас биш тэдгээрийг тойрсон, үгүйсгэсэн шинэ бүтэц, компани байгуулах замаар явах бодлогод эргэлзэж байна. Жишээ нь, Баянмонгол корпорац өнөөгийн сангуудаас яагаад илүү дархлаатай, авлигагүй, учиргүй шударга ажиллана гэж. Бид засаглалынхаа орчин, зарчмыг өөрчлөөгүй цагт ямар ч шинэ бүтцийг вакуум юм шиг байгуулж чадахгүй. Зүгээр л хоёрдогч “засаглал” үүснэ. Бүр л замбараагүй болно. Ер нь иргэн бүр хөрөнгөө хуваан хариуцаад хоршооллын зарчмаар, өөрсдөө шийдээд явах тухай Оросын анархист Махногийн үзэл байдгийг, түүхэнд яаж туршигдаж, яаж нурсныг олон хүн мэдэх байх. Хүн бүр өөрийн “хувь, хишгээ” дансанд байрлуулаад өөрийгөө бүрэн санхүүжүүлэгдсэн бол орчин үеийн даатгалын тогтолцоог хэн ч бодох хэрэггүй байсан. Энэ талаар олон зүйл ярьж болох ч бид Норвегийн маягийн буюу 100 хувь хөрөнгө оруулалтын сан байгуулаад, харин хүүгээр нь иргэн бүрийнхээ эрүүл мэнд, нийгмийн даатгал, орон сууцны зээлийн санд төлбөр хийгээд явах нь оновчтой болов уу гэж боддогоо л товчоор хэлж байна. Тэгээд бид даатгалын үндсэн тогтолцоогоо хөгжүүлээд явах хэрэгтэй. Ерөнхийлөгч Обама ч АНУ-ын иргэн бүрийг даатгалтай болгох гэж одоо “байлдаж” байна. Бид тэднээс ч түрүүлэх боломжтой.
Бас нэг зүйлийг хэлэхэд, иргэний бүртгэл нэрээр хүн бүрт 50 мянган төгрөг өгөх санаагаа ч шинэчлээсэй гэж хүсч байна. Хэрэв хүн бүрт, хүүхдийг төрөхөд нь л иргэний үнэмлэх олгодог тогтолцоог бий болгоход энэ мөнгийг зарцуулбал бид дэмжинэ. Харин тараагаад нэг удаагийн хоол болговол эсэргүүцнэ. Бид энэ мөнгөөр иргэний үнэмлэх төдийгүй иргэн бүрээ банкны данс, карттай болгож нийгмийн бүх үйлчилгээг банкаар хийдэг болбол маш том дэвшил гарна гэж хардаг. Бэлэн бус мөнгөний хувьсгал хийснээр бид зарсан мөнгөө ч буцаагаад амархан олно. Хоёр намаас ийм байдлаар л эдийн засгийн программаа өөрчлөөсэй гэж хүсч байна. Ийм шинэ замаар явбал бүрэн дэмжих болно. МНН ахмадуудад тэтгэмж өгөхийг л дэмжиж байгаа. Харин залуучуудад халамж биш боломж хэрэгтэй.
- Нэгэнт л УИХ дахь хоёр намын бүлэг шийдчихсэн болохоор популизмаас татгалзахгүй биз дээ?
- Хүмүүс хоёр намын бүлэг асуудал шийддэг гэж бодоод байгаа юм. Үнэндээ намын бүлгүүд шийдвэр гаргадаггүй нь харагддаг. Харин хамтарсан намын бүлэг буюу Засгийн газар шийдвэр гаргадаг юм. Засгийн газарт намын дарга нар нь суудаг, намын хүчтэй гишүүд нь ч байдаг. Өөрөөр хэлбэл, Засгийн газар гэдэг намын талаас номер нэг. Сайд нар нь бүгд УИХ-ын гишүүн. Тэгэхээр хууль тогтоох нөлөөгөө бас барьчихаж байна. Мэдээж дээр нь гүйцэтгэх засаглалаа 100 хувь барьдаг. Тэгэхээр Засгийн газарт байгаа хамтарсан намын бүлэг бүх шийдвэрийг гаргаж байна. Өнөөдөр Монголд Засгийн газар нь парламентын дээр гарчихсны шалтгаан нь энэ. Харин Засгийн газрын дээр бизнесийн бүлэглэлүүд бий. Энэ хүмүүсийг суудалд нь тавьсан хүмүүс гэсэн үг л дээ. Монголын улс төр ийм л тогтолцоо руу явчихлаа. Иймд хоёр нам нэг улс төрийн удирдлага, нэг эдийн засгийн программтай нэг том эрх баригч намын хоёр фракц мэт ажиллаад байна.
- Парламентад суудалтай МНН, ИЗН, мөн бие даагч нар асуудалд нөлөөлөх боломжгүй юм чинь таны ярьсан бүхэн бодит байдал болох нь ээ?
- Ямар ч зүйл багаас эхэлдэг. УИХ-д бид хэд байгаа нь сайн хэрэг. Бид МАХН, АН-ыг хоосон шүүмжлэхгүй байж зөв тал руу нь нөлөөлж явахыг хичээнэ. Гэхдээ нэг намын маягийн тогтолцоотой, хяналтгүй засагтай, хоосон амалж улс орныг сулруулж байгааг дэмжихгүй. Би З.Алтай, С.Оюун хоёрын өмнөөс ярихгүй ч энэ битүү тойрогт ороогүй улсууд Монгол төрийн тогтолцоог бэхжээсэй, эрүүлжээсэй гэж хүсч байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.
Ч.Гангэрэл

